Wednesday, January 28, 2009

http://soronzon.blogspot.com/ энэ үгийн чамбай цуглуулганд бас нэгэн хошуу нэмэрлэе. Арслан гуай та хэнсэн билээ. Таныг нэг таньдаг ч юмшиг, танихгүй ч юмшиг.
Чингис Тэнгис Тэнгис Цалгис Цангис Хангис

Нэгэн зүйл.
Хэдэн сая жилийн тэртээх балар эртний түүхээс асууя. Монгол нутгаас Арслан Заан олдсон буй. Хүн төрөлхтний нэгэн өлгий нутаг хэмээн дэлхийн түүх судлалд тооцох Монголын Говийн элгэнд үлэг гүрвэл архирч бархирч байжээ.

Хоёр зүйл.
Хэдэн зуун мянган жилийн тэртээх Хадны сүг зураг, өвөг монгол хүн хэлнээсээ асууя. Гурван цэнхэрийн агуйгаас арслангийн зураг олдсон гэхээр даруй 2-3-р зуунаас ч нэн эрт, Түрэгууд Монгол нутгаас дүрвэн гарсан 2-3 удаагийн их нүүдлээс ч өмнөх болж батлагдаж байна. Ар Шаамараас олдсон хагас сая жилийн? настай мичин хүнээс асуух хэрэгтэй болж. Сэлэнгэ мөрний хөвөөнэөос олдсон хүрмэн чулуун хос арслан түүхийн сан хөмрөгт буй.

Гурван зүйл.
Хоёрхон мянганы өмнөх Монголын сайхан түүх, Хүн гүрний хэлнээс асууя.
Хүн гүрний түүхээс нэхэн үзэхэд гурвыг үржих дөрөв буюу, гарцаагүй арван хоёр жилийн тооллийг 4 улиралтай гурвал чанарын гүн ухаантай бидний өвөг дээдэс Хүн нар бүтээж Хужаа нар түүнээс хуулсан гэх баттай түүхийн баримт бий. Энд Арслангийн нэгэн төрөл Барс жил орсон буй.
Зурхайн ухаанд тэнгэрийин 12 ордонд арслан орно хэмээжээ. Тиймээс арслан хэмээх үгийг наанадаж монгол гэдэг үгийн гарвалыг хайхтай нэн адилаар МЭӨ тоололд оршин байсан Хүнүү, Сүннү, Хүн гүрний түүхээс хайх хэрэгтэй.
Язгуурийн Хүн хэлний 13 үг хэмээн Гүнжийн Сүхбаатар гуай онцолсон буй. Янжий буюу ээжий, Шанюу (хятад аялгуу орсон) буюу Хаан гэх мэт. Угтаа Модон шанюуу хэмээн монголын их хаанаа гутаан дуудах билээ бид. Моду хэмээхийн ду нь хаан гэхийн хятад дагавар, шанюу гэх нь хятад хэлнээр галигласан сонсон бичсэн нэгэн төрлийн хиймэл бичээс, хаан гэсэн үг байх юм. Их эзэн хаанаа Моодуун шаню бус Мон хану хэмээн дуудяа. Монгол хэмээх үгийн мо язгуур энд бас бий.

Дөрвөн зүйл.
Хүн нарын угсаа Аттилла хаанаас асууя.
3-5-р зуунд баруун тивд дайлаар мордсон Хүн нарын угсаа, Аттилла хааны үр сад хүн хэлээр дуулж, хүн хэлээр ном бичсэн мэдээ баруун тивийн түүхэнд бичиглэн үлджээ. Аттилла хааны удамд Чингис хэмээх нэртэй хаан хүү байжээ. Америкийн эрдэмтэн Томсон Аттилла хааны үнэн түүхийг хэрхэн буруугаар бичсэнийг шүүмжилж, Хүн нарын үр удам дэлхийн түүхэнд бүтээсэн алдараа, үнэн түүхээ ухан мэдэхийг уриалсан сайхан ном бичсэн. Эцсин дүндээ энэ их түүхийг Хүн нарын удам Монголоос асуух цаг ирнэ гэж бичсэн буй. Араатан нарын хаан Арслан, Хүн нарын хаан Хаан гэж Хүн нэртэй Хүн өвөг дээдэс яриж л явсан байхдаа.

Таван зүйл.
Сүмбэ, Их нуруун улс, Хатан улсын түүхээс асууя.
Хэдий бусдын хэл аялгуугаар түүхээ дурсах хэдий ч бид, үгийн гарвал үүслийг тэр хэлний аялгаар бус монгол сэтгэхүйгээр хүлээн авах учиртай санагдах. Кидан хэмээх улс язгуурын монгол Хатан гүрэн байтал харийн хүмүүс адил сэтгэсээр бид төөрөлджээ. Учир нь түүхээ хэл хазгай харийн хүний бичсэнийг уншаад хэл хазгай үгэнд төөрөлдсөөр. Хэдийгээр нэн эрт монгол газар шорооноос түрэн гарсан түрэг угсаатан ахин Монгол газарт Аттилла хааны үр сад хүчин саарсан үед эзэнт гүрнээ байгуулсан ч монгол хэл хэзээ ч түрэг хэл байсангүй. Харин эсрэгээр Түрэг хэлэнд монгол үг ихэд нэвтрэн оржээ гэж бид санах ёстой. Тиймгүй бол Тэнгэр, Чингис, Байгал, Хөвсгөл, Аав гээд бараг хамаг үгийг Түрэг хэлний үг болж дуусах гээд байх...
Мөн чанартаа язгуурын Алтай хэлний судал Монгол хэлийг Түрэг хэлний бүлэг гэх онолыг сайндаа л 200 хан жилийн өмнө шинжлэх ухаанд оруулсан харь хүний номлолыг даган явна. Үнэндээ монгол хүн Алтай хэлний онолд хариу өгөх цаг хүлээж байна.

Зургаан зүйл.
Их эзэн Чингис хаан, судрын нууц товчооноос асууя.
Гал улаан БАРС жил Их Монгол улсаан бадраасан Чингис хааны удмун хаан төрийн их найрал хөгжмийн дотор арслан нэрт хөгжим байсан. Арслан хэмээх үгээ хайсаар л...
Түүхийн гэж дээ, хэн нэгэн хүн уншиж хараад санаагаараа донгодсон олон номонд эзэн Чингис хааныг Тэмүжин буюу Төмөрчин нэртэй болой гэсэн бий. Угтаа жин хэмээх нь хүн гэхийн дагавар. Модун хэмээгдэх Мон хааны эцэг түмний хаан Түмэнтэй гарвал нэгтэй санагдах. Чингис хааны багын нэр нь Төмөрчин бус Түмэн буюу түмэн олныг билигдсэн нэр байжээ. Монголчуудын өвөг дээдэс төмөрчин байсангүй, түмний хаан байжээ гэж бусдад хэлэх.

Долоон зүйл.
Хамаг Монгол улс, Даян хаанаас асууя.
Христийн буюу Орчин цагийн тоолол эхлэх он цагт Хүн нар 3м өндөртэй алтан бурхан шүтэж явсан түүхийн баримт бий. МЭӨ-с улбаатай Буддагийн гүн ухаан Монголд хөрсөнд хоёрдахь том тэсэртэлээ суулгаж, хэзээнээс байгалийн гүн ухаантай монголчууд энэ шашинийг оюун санааны зэвсэг болгон ашиглажээ. Цаст уулсын цагаан арслан Цаг нь ирэхээр шоргоолжинд баригдана хэмээх үгээр дамжуулан, элдэв арслангийн дүртэй чимгийг Монгол бус хэмээн сэтгэх нь нэгэн төрлийн гажуудал мэт. Угтаа арслан хэмээх үг нэн эртний монгол хэлний баялаг үгийн санд байжээ. Байх байхдаа бүр Түвдүүд арсланг чимэхээс өмнө.

Найман зүйл.Монгол хэлний нууц судар Зүрхэн тольтоос асууя.
Монгол хэлний гарвал үүслийн нууцыг хэлхсэн Зүрхэн тольт хэмээх судрыг Б.Ринчен гуай насаараа эрээд Монголоосоо олох горьдлого тасран нутаг буцжээ. Гэтэл хэдхэн жилийн өмнө олдох олдохдоо Монголоос хоёрын зэрэг судар олджээ. Энэ сударт Монгол хэлний гарвал үүслийг гурвал гүн ухаан болоод байгалын авиан шинж чанар агуулсан хэл болохыг нотолсон буй.
Арслан хэмээх үгийн утга чухам юу вэ.
А
А хэмээх авиа нь авиан дундаас хамгийн их эрчимлэг болно. Хүн эхээс төрөхдөө чухам энэ эрчимлэг авиаг цацруулан хэлж мэндлэх. Монгол хэлэнд эрчимлэг бүхэнд байгалийн шинж чанарыг хадгалсан А авиаг оруулан үг бүтээх ёсон ухамсараас санамсаргүй бус байгалийн бодилог болоод алив үгийн шинж чанарыг хослуулахаас бүтжээ гэж хэлмээр. Гурвал гүн ухааны үүднээс бол гадаад шинж чанарыг илтгэхдээ Аавын А авиаг, дотоод шинж чанарыг илэрхийлэхдээ Ээхийн Э авиа, хэлний үзүур дээш болох хэлбэр, гадаад дотоод холбоог илэрхийлэх Хийн И авиаг холбон АМИ хэмээх үг бүт сэн гэмээр. Байгалын болоод амны хэлэх шинж төрхөөр нь авиа гарган амаа хамхихад хэлэх үгийн урсгал чухамдаа битүү байсан ам нээгдэн хумхих адил АМ гэж нэрлэжээ.
Арслан гэх үгийг хүүхэд хэлэхэд, эсвэл олон давтан хурдан хэлэхэд арсан гэж дуудагдана. Энгийн нарийнаас руу шилжсэн шинжлэх ухааны тогцон хэвшилээр бус бүр эртний энгийн язгуурын болхи хэлнээс энэ үгийг хайх нь дээр бол уу.
Ямартай ч бол хүчтэйн шинж чанарыг хадгалсан Аавын А авиа энэ үгэнд орсон нь сонин.
Үгийг удаанаар хэлэх, уянга хослуулах ёсоор Н авиаг нэмэрлэх нь монгол хэлэнд их бий. Нар гэж хэлээд наран гэх. Барс гээд Барсан гэхийн адил Арс гэж хэлээд Арсан гэх.
Иймээс энэ үг хэлийг зөөллөх шинжийг хадгалсан хэлний үзүүр доош болоход хэлэх Л авиаг анхнаасаа хадгалсан байсан уу гэдэг сонин аж. Хэдийгээр Арслан үгийг тайлахад хэлбэрдсэн мэт арга хэрэглэж буй ч Б.Ринчен гуайн шатаагдсан, олдохоо больсон Монгол хэлний зүй 3-р ботид, бас өөрийнх нь ирээдүйдээ захин бичсэнээр энэ аргад цаашид судлах нэн шинэ арга орших санагдана.

Есөн зүйл.Араатны хаан Арслан танаас асууя. Арвин сайхан монгол хэлнээсээ асууя.
Арсланг Монголоос олохгүйч
Арсланг монгол хэлнээс олно. Үг олдож арслан холдлоо. Арслан хэмээх үг гарцаагүй язгуурын монгол үг болно. Энэ үг Түвд бус, Турэг бус, төрөл арилжсан араатанд нэрлэсэн монгол үг.
Өмнө өгүүлсэн зуйлд А авианы эрчимийн талаар болон Арсан гэх талаар хэллээ.
Тэгвэл Арслан хэмээх үгэнд орсон гийгүүлэгч эгшиг ямар онцлогтой байж болох вэ.
Архирахын утга, арвайж сарвайсан хэлбэр дүрслэх Р авиа, жиргэхийин болоод монгол хэлийг чимэглэсэн Ж, ус шуугихийн болоод сарних, салхи мэт исгэрэх утгыг агуулсан С авиа орсон монгол үгнүүд нэн сонин. Энэ ч байгалийн мөн чанараар нь утгыг оноон нэрлэсэн буй. Монгол хэлэнд архирах дуутай амьтанг р авиаг оруулан араатан, барс, арслан, асар, басар, банхар, ирвэс гэх мэтээр нэрлэсэн нь яав ч орхиж болох асуудал бус.
Хүний хаан нь араатан байж, байгалийн хүчинд мөхөсдөн, хүний хэл сайн хөгжөөгүй байгалийн энгийн хэдэн үгэнд эргэлдэж байсан эртний хэлэнд судалгаа хийхэд байгалийн бодилог шинжийг агуулсанаараа Монгол хэл нэн эртнийх гэдэг нь эргэлзээгүй нотлогдоно.
Арслан гэх үгэнд архирахын Р авиа оржээ. Харин С авиа чухам яагаад нэмэгдэв ээ. Монгол хэлэнд шингэн ялгаруулах чанартай шүлс, нулимс, шүүс, нус, цус, хөлс, баас, шээс мэтээр төрөлжүүлж нэрлэсэн сонин чанар харагддаг.
Монголчууд алив шинэ үгийг бүтээхдээ нэгд байгалийн авиалаг шинж чанар, хоёрт тухайн шинэ үгийн бодилог шинжийг хэлбэр дүрсээр нь хослуулан нэрлэж байсанд л нууц орших мэт.
Р авиа нь алив юм араа шүдэн адил арзайж сарзайх, эсвэл араатан адил хүчтэй авиа гаргах, бас ямар нэгэн зүйл сарнин шинээр бүтэх утга санааг олонтоо агуулсан байдаг. Тэр шинж чанарыг улам хүчтэй болгон түгээн цацруулахад сархинхын бую салхины С авиа их чухал нөлөөтэй. Үнэхээр ямар ч өөр хэлтэй хүнд санаагаа ойлгуулахын тулд архирах дүрийг үзүүлэд шууд ойлгох буюу. Ус хэрэгтэй болсон цагт шуугин урсах авиаг дүрслэн Ус хэмээх үг аяндаа бүтэх билээ.
Товчоор дүгнэн хэлэхэд Арслан гэх үг нь архирах шинжийг хадгалсан Арс язгууртай Барс, Ирвэсийн нэгэн адил жинхэнэ язгуурын монгол үг болно. Асар Басар жэмээх домгийн үг хүртэл язгуур нэг. Энэ үг түрэг үг бус, Хүн байгальтай харьцан тэмцэн эхэлж хэлээ бүтээж ирсэн цагаас бүцэн мэт.
Архиран хүрхэрэх дуутай
Арслан барс ирвэс
Араатан зуурах араатай
Асар Басар Банхартай
Хүрхрээ, Хархираа ундаатай
Ардаг хүрэн морьтой
Арсландай мэргэн
Архиран хурхиран нойрсохуй.
Тэнгэр хэмээх үг нь атаа хэмээх үгтэй хорших бөгөөд тэнгис хэмээх үг мөн адил Р,С авиан хүчлэг шинжийг хадгална. Эдгээр үгс бүгд түрэг үг бус язгуурын монгол үг. Чингис хэмээх үгэнд орсон С авиа нь түгээх санааг гарган, үгийг их хүчлэг болгоно. Нармайн Н-д тулан тогтох амьсгал дээшилсэн агаарлаг Чин авиа гис хэмээн авиаг хүчлэгээр гаргахад аяндаа бүтэх сонин үг мэт.
Чингис Тэнгис Тэнгис Цалгис Цангис Хангис

Арван зүйл.
Нэгэн үгнээс Монголын нэгэн үнэн эхлэх буюу.
Бахархах ёстой юмандаа Монгол хүн бахархах цаг иржээ. Нүүдэлчин амьдрал хэмээх нь тэнэж явдаг амьдрал бус дөрвөн цагтаа бууриа сэлгэдэг сэргэг оюуны ундраа буюу. Дэлхийн түүхэнд байгалиа шүтэн дээдэлдэг ард түмний түүхийг маш ихээр гажуудуулан бичсэн бий. Харин энэ цаг дор дэлхий хямрах нь эргээд Монгол ахуйд ямар их гүн ухаан нуугдан үлдсэнийг нэхэх сайхан цагийн эхэн иржээ гэж хэлэх. Хүн гүрэн, Аттилла хаан, Чингис хаан гээд хичнээн хараар будавч гэрэлтэн цогших үнэн түүхийг дэлхий эргэн харж байна.
Монгол улс оршин тогтон ирсэн нууц нь байгалийн хүчтэй газаргүйн байршил, байгалийн шинжээ хүчтэй хадгалсан сайхан монгол хэлэнд орших билээ.
Мөнх тэнгэрийн дор монгол хэлэндээ мэхийе.
Нэгэн үгнээс Монголын нэгэн үнэн эхлэх буюу.

SORONZON: Араатны хаан арслангийн тухай сонирхолтой баримтууд#links#links#links

SORONZON: Араатны хаан арслангийн тухай сонирхолтой баримтууд#links#links#links

Saturday, January 17, 2009

Холоос тодрон тодрох би нэгэн Цэг
Холдон холдон тасрах хүн нэгэн Цэг
Холбож муруйж тат сан амьдрал нэгэн Шулуун

Холоос гэрэлтэн гэрэлтэх би нэгэн Од
Хослон хослон ойртох чи нэгэн Од
Холбож зэрэглэж огтлолцсон бид нэгэн Тойрог

Хайраас урган ургах Үр нэгэн цэг
Хамжин дэмжин ургуулах бид нэгэн цэг
Холбож хэлхэж тогт сон үр нэгэн Гурвалжин

Хөрст дэлхийд цэглэх Монгол нэгэн Тойрог
Хүмүн заяаг зурах амьдрал нэгэн Тойрог
Холбож нийлж тогт сон бид нэгэн Олонлог

Цэг шулуун гурвалжин тойрог

Холбож цэгийг зурахаар
Шулуун шугам үүснэ
Хослоо хоёр шулуун
Холын цэгт огтлолцоно
Хүний амьдрал ч гэсэн
Нэгэн цэгт огтлолцоно

Холбоо гурван цэгээс
Гурвалжин дүрс үүснэ
Хязгааргүй тэлсэн гурвалжин
Тойрог болон сарнина
Хүний амьдрал ч гэсэн
Нэгэн тойрогт уулзана.

Тойрог хэдий том ч
Томруулсан цэг билээ
Хүмүн хэдий олон ч
Төлжсөн эс билээ

Хүн гэдэг өчүүхэн
Нэгэн цэг билээ
Эх орон гэдэг аугаа
Нэгэн олонлог билээ

Цэг хэдий томровч
Олонлогоос юунд холдоно
Тойрог хэдий алславч
Тойрог хэвээрээ үлдэнэ

Монгол минь олонлог
Монгол минь тойрог
Монгол олонлогоор овоглосон
Монгол хүн олонтой

Тоонон дугуй гэртэй
Тойрог дээд сэтгэхүйтэй
Шулуун зантай аавтай
Тойрог сэтгэлт ээжтэй
Бид нэгэн цэг

Нар хэдий том ч
Нэгэн од билээ
Одыг олоод харахаар
Нэгэн цэг билээ

Монгол хэдий бага ч
Нэгэн олонлог билээ
Олонлогийг олоод харахаар
Олон цэгүүдтэй билээ

Нарыг шүтнэ гэвээс
Одыг хэлнэ билээ
Одыг шүтнэ гэвээс
Цэгийг шүтнэ билээ

Монголоо шүтнэ гэвээс
Олонлогоо шүтнэ билээ
Олонлогоо шүтнэ гэвээс
Цэгээ хайрлана билээ

Хүн хүнээ хайрлая
Цэг бүрээ хайрлая
Цэггүй олонлог үгүй
Хүнгүй монгол үгүй

Аугаа их хүртэл
Өчүүхэн цэгээс эхэлнэ
Алсын сайхан хүртэл
Өчүүхэн хүнээс эхэлнэ.

Цэглэж төрсөн Монгол хүн
Цуглуулж бүтсэн Монгол орон
Цэг цэгээ холбохуй
Хүн хүнээ хайрлахуй

Амь минь цэг
Амьдрал минь шулуун
Ахуй минь гурвалжин
Амьсгалахуй минь тойрог
Амьдрахуй минь Монгол

Эх орон минь тойрог
Ээж аав минь олонлог
Огтолж өчнөөн нийлсэн
Олон олон олонлог

Онцолж бидний төрсон
Монгол нэртэй олонлог
Олноор нийлж бүтээсэн
Цэгэн жаахан Монголчууд

Ларамиэ 2009. 01. 17

Sunday, January 11, 2009

Сэтгэл гэдэг сонин юмдаа
Уярахдаа ч амархан
Уурлахдаа ч амархан

Ухаан баллах ганцхан үгэнд
Угтаа хүртэл гомдох хэдий ч
Урам хайрлах тэрхэн мөчид
Уурссан сэтгэл уусаад замхарна
Бүсгүйн гоо сайхан
Бүсгүй хүн гэдэг бүлээн зүрхний амьсгал
Бүлээн зүрхний амьсгал нь өөрийн гэсэн үнэртэй
Өөрийн гэсэн үнэр нь үргэлж хүнийг татна
Үргэлж хүнийг татах нь үзэсгэлэн төгсийх бизээ

Бүсгүйн гоо сайханд орчлон бүхлээрээ нялхарнам
Булбарам ялдам инээмсэглэл чамаар хүмүн дутнам

Сэрмүүн сайхан нутаг

Сэрвээ өндөр уулсийнхаа зоон нуруунд гарч
Сэвшээ сайхан нутгаа бахдан нэг харахсан
Сэлүүн сайхан агаараа дураар нэг залгилахсан
Сэхүүн бага насныхаа сүлд хийморийг сэргээхсэн

Сэрмүүн сайхан нутгийнхаа эхэнд нэг очихсон
Салхин гүйдэлт талынхаа уудмыг нэг бахдахсан
Сэргэлэн тунгалаг харзныхаа шүд янгинам уснаас
Сэтгэл дотроо зуртал дураар нэг уухсан

Уран байгалийн өнгө

Уулс хүглийн харанхуйлж
Үүлс сүглийн хөвөлзөж
Уудам тэнгэр хөхрөөд
Ухаан ягаан туяат
Улирах наран жаргахад

Ундрам цагаан гэгээт
Ургах саран гэрэлтэж
Уусмал хар цагаан өнгөөр
Уран байгаль хослоход
Угтаа сэтгэл сүрдмээр

Цаг цагтаа юмс сайхан

Цаг цагтаа юмс сайхан
Цалгиж явсан залуу нас сайхан
Цангаа тайлсан эхийн сүү сайхан
Цахилж тэмүүлсэн хайрын сэтгэл сайхан


Байр байрандаа юмс сайхан
Бялхаж явсан залуу нас сайхан
Бурууг сануулсан аавын сургаал сайхан
Бууриндаа үлдсэн нутгийн бараа сайхан


Амьд л явахад алдсан ч яахав

Амьд л явахад алдсан ч яахав
Амьсгалж л явахад адлуулсан ч яахав
Мэнд л явахад алдсан ч яахав
Мөрөөдөж л явахад мэнэрсэн ч яахав

Санаж л явахад алдсан ч яахав
Сарвайж л явахад саарсан ч яахав
Урагшилж л явахад унасан ч яахав
Ухаарч л явахад уруудсан ч яахав

Зогоож л явахад зовсон ч яахав
Зорьж л явахад зогссон ч яахав
Бодож л явахад буруудсан ч яахав
Бохирч л явахад мөлхсөн ч яахав

Болохгүй юмыг харин болно гээд тэмцэнэ
Болох юм харин болохгүй болбол эвлэрнэ
Унасан цэгээ харин уул шиг түшин босно

Thursday, January 8, 2009

Үерхээд дассан Нөхөд


Үүлэн хөх тэнгэртээ
Үүлс
Үзэгдээд л замхарахын адил

Үерхээд дассан
Нөхөд
Салан одохын цагт
ҮЙмрэн хоцрох сэтгэлдээ
Үгүйлээд л хоцрох юм даа

Салхин хөх тэнгэртээ
Саран
Саатаад л шингэхийн адил

Сэтгэлээрээ ижилдсэн Нөхөд
Салан одохын цагт
Санан гуниглах зүрхэндээ
Самуураад л үлдэх юм даа

Сэтгэл ядрах л хэцүү

Бие өвдөх яахав ээ
Сэтгэл өвдөх л хэцүү
Бэдэрч тэмүүлсэн юмнаас
Бэтгэрч үлдэх хэцүү

Бие ядрах яахав ээ
Сэтгэл ядрах л хэцүү
Бие бие хүндлэхгүй
Бодол ялзрах хэцүү

Сэтгэл эрүүл байхад
Бие эрүүл сайхан
Бие эрүүл байсан ч
Сэтгэл өвдөх хэцүү

Бие өвчтэй байсан ч
Сэтгэл эрүүл сайхан
Бий муухай бүхнийг
Сэтгэлийн эрүүл ялна

Амьдрал ядруу байсан ч
Сэтгэл баян сайхан
Амьдрал баян хэдий ч
Сэтгэл ядрах муухай

Баяжихын дон тусаагүй
Миний ард түмний
Бахархам сайхан сэтгэл нь
Үргэлж баян байдаг

Ижий сэтгэлээр баян
Буурай ч гэсэн ардынхаа
Хүү нь болж төрсөндөө
Ханашгүй сайхан жаргалтай.

Сэтгэл гэдэг хэцүү юм даа

Сэтгэл гэдэг хэцүү л юм даа
Дасахдаа ч амархан
Мартахдаа ч амархан

Хоолой давах ганцхан үгэнд
Хуурай нүднээ нулимс хурна
Амнаас давах хэдхэн үгэнд
Анисга нүднээ нулимс тунарна

Үгээ залгилж сэтгэлээ нуувч
Үнэн сэтгэлийн нулимс зангирна
Үггүй харцаар хичнээн ширтэвч
Үгүйлэх зүрхний учиг тасарна

Өөрөө өөртэйгээ тэрсэлдэн байж
Өөрөөсөө өөрийгөө хууран нуувч
Сэтгэл гэдэг хэцүү юм даа
УЙмрахдаа ч амархан уйлахдаа ч хэцүү

Хүний эгэлхэн орчлонд амьдаараа бүү үх

Хүслэн хяслан хоёрынхоо
Боол болон мөлхөж
Хүний эгэлхэн орчлонд
Амьдаараа бүү үх

Унах нэгэн тал байхад
Сэргэх нэгэн цэг бий
УЙлах нэгэн зовлон байхад
Дуулах нэгэн баясал бий

Цаг нь ирэхээрээ
Салхи шуургалан хөдөлж
Цавчим өндөр уулсын
Ноён оргилд хүрнэ.

Цаг нь ирэхээрээ
Сэтгэл зэрэглэн хөдөлж
Сарвайж зорьсон мөрөөдлийн
Сайхан зүүд биелнэ

Учир иймээс хүн та
Уурлаж санааширч няцалгүй

Хүслэн хяслан хоёрынхоо
Боол болон мөлхөж
Хүний эгэлхэн орчлонд
Амьдаараа бүү үх

Laramie, WY 2009. 01. 08
Хөөвгөр жаахан үр минь ээ

Харахаар хайр хүрмээр хамаг бүхэн нь ариухан
Бодохоор мишээл төрмөөр бээвэг төрх нь хөөрхөн
Сонсохоор сэтгэл уярмаар шулганаа дуу нь содхон
Санахаар бодол догдолмоор тунгалаг нүд нь тодхон

Хамаг бүхэн нь хайр хүрмээр
Хөөвгөр жаахан үр минь ээ

Үнэрлэмээр дэндүү ариухан сөөвгөр зөөлөн сэвлэгтэй
Тэвэрмээр дэндүү хөөрхөн тэнтгэр жаахан биетэй
Баримаар дэндүү энхэрхэн булбарай жаахан гартай
Өхөөрдмөөр дэндүү хөөрхөн өмгөр жаахан амтай

Хамаг бүхэн нь хайр шингэсэн
Хумбарай жаахан үр минь ээ

Ухаарч нэг уужирмаар ариухан бүхнийг агуулсан
Уужирч нэг тайвширмаар сайхан бүхнийг сануулсан
Уярч нэг дуулмаар тэнгэрлэг бүхнийг тэвэрсэн
Умгар жаахан үр минь дээ

Бүүвэй бүүвэй бүүвэй

Үглээ жаахан болжмор шиг ээ
Шулганаа жаахан үр минь ээ
Бүүвэй бүүвэй бүүвэй

Эрх жаахан ишиг шиг ээ
Эрэвгэр жаахан үр минь ээ
Бүүвэй бүүвэй бүүвэй

Тэнцээ жаахан унага шиг ээ
Тэнтгэр жаахан үр минь ээ
Бүүвэй бүүвэй бүүвэй

Бяцхан жаахан хурга шиг ээ
Бээвэг жаахан үр минь ээ
Бүүвэй бүүвэй бүүвэй