Thursday, November 27, 2008

Монголыг минь нээгээд хардаа
Хүн чанар үнэртдэг юм

Монголыг минь дэлгээд хардаа
Дэлхийн түүх үнэртдэг юм
Дэндүү дээ дэндүү миний эх орон

Дэндүү дээ дэндүү миний эх орон
Дэлхийн хаанаас ч олдошгүй ховор нандин эрдэнэ
Дэмий муу үгээр муулж л байг таныг
Дэлгэр хангайн цэцэг нь ургаж л байдаг билээ

Хүн өөрөөсөө хүнээ хайгаад мухардахын цагт
Хүний сайхан сэтгэлийг монголоос минь л олно
Сайхан ш дээ сайхан миний эх орон
Санаж бэтгэрэхгүй монгол хүн байдаггүй

Wednesday, November 26, 2008

Алтан наран гэдэг яасан ч гэрэлтэй юм бэ
Ариун тунгалаг өглөө яасан ч саруулхан юм бэ
Агаар амьсгална гэдэг яасан ч жаргалан юм бэ
Амьд явнаа гэдэг чинь яасан ч сайхан жаргал юм бэ

Аав ээж гэдэг яасан ч үнэтэй юм бэ
Ард түмэн гэдэг яасан ч хүчтэй юм бэ
Алтан нутаг гэдэг яасан ч сайхан юм бэ
Алив бүхнээс үнэтэй амьд явахын жаргалан

Tuesday, November 25, 2008

Өнгөрсөн одоо ирээдүйн торгон огтлолцол дээр
Өчигдөр өнөөдөр маргаашийн алтан уулзвар дээр
Өнгө мөнгө холилдсон хүмүн сүргийн дунд
Өчнөөн олон бодлоор тархиан угааж явнам

Сэрэхүй сэтгэхүй сэхээрэхүйн гүн бясалгал дунд
Санахуй бодохуй ухаарахуйн чимээгүй тэмцэл дунд
Самуурах унтах идэхээр оюун бодлоо чилээж
Санчиг үсээн цайтал самуурч үймэрч явнам

Амьд явахуйн жаргалан амьдрахуйн гоо сайхан
Амьсгалахуйн дотоод шалтгаан Миний эх орон
Амьд л явбал тандаа бүхнээ зориулж чаднам
Алдсан ч яахав тандаа бүхнээ золиослож явнам

Wednesday, November 19, 2008

Хэрэгтэй бүхнээ гээсээр

Хэрэгтэй бүхнээ гээсээр
Хэрэггүй бүхнийг хураасаар
Хуурмагхан хүний амьдрал
Хөвөрсөөр л байх юмдаа

Хэрэгтэй бүхнийг хайсаар
Хэрэггүй бүхнээ орхисоор
Хөөрхий хүний амьдрал
Хөвөрсөөр л байх юмдаа

Tuesday, November 18, 2008

Хонгор үрээ орхиод холдсон Хатан эхийн домгоос

Эрт урьдын цагт элэнц хуланцын үед
Эсэргүү дайсан довтолсон эмгэнэлт бэрх цагт
Буган чулуун хөшөөт Хүн гүрний домогт
Баатар нэгэн эхийн гаслант түүхийг өгүүлдэг юм.

Төрөл удмаа аврахаар тэнгэрлэг нэгэн эх
Төрүүлсэн сайхан хүү, төрсөн хайртай дүүгээ
Түгшээх дайснаас харамлан арагтаа нуун үүрээд
Тэнхээ тамираа тасартал тэмцэж зугатаасан гэдэг юм

Ундгүй хоолгүй цангаж ухаан балартан гуйвж
Ээрэм талд төөрөөд эцэж ядран тамирдаж
Эрхгүй туйлдан унаж алхах тэнхэлгүй болохдоо
Эцсийн дусал сүүгээ энхэр үрдээ амлуулаад

Надад хүү олдоно, дүү минь олдохгүй гээд
Нялх жаахан үрээ эзгүй талд орхиод
Чарлан сарвайх үрийнхээ сэвлэг үснээс үнэрлээд
Чулуун тоглоом өрөөд орхиод явсан гэдэг юм

Эрэвгэр жаахан үр нь учраа мэдэхгүй инээж
Ээжээ ээжээ дуудан даллаад үлдэх мөчид
Элээ шувуу дэргэд нь эргэлдэж байсан гэдэг юм
Энгэр талын цэцэгс уйлж байсан гэдэг юм

Элгэн голоо тасартал эгших нулимсаа дуустал
Эхийн цагаан сэтгэл нь эмтрэн уйлах агшинд
Эхийн цагаан сүү нь харлаад дуссан газарт
Эрдэнийн цагаан цэцэг цайраад ургасан гэдэг юм

Хүрэн зүрхээ хагартал уйлан гаслан явсан
Хатан сэтгэлт эхийн хагацлын нулимс нуурлаж
Халуун цөлийг дэвттэл хайлан урссан гэдэг юм
Хүйн амин холбоо нь тэгж, хэзээ ч дуусаагүй гэдэг юм

Хонгор үрээ орхиод амьдын тамыг гэтлэхэд
Хурмаст тэнгэр уйлаад элчээн илгээсэн ч юм уу бүү мэд
Хөөрхий дүүгээ авраад удмаа үлдээсэн гэдэг юм
Хөх монголын удам тэгж, хэзээ ч тасраагүй гэдэг юм

Голоос хайртай үрээ орхиод явахад уясаад
Гоо марал ирээд тусалсан ч юм уу бүү мэд
Эх хүний сэтгэлийг дээдийн дээд гэдэг юм
Эхээн дээдлэх сэтгэл ингэж үүссэн гэдэг юм

Балчир жаахан үрээ орхиод явахад уяраад
Бөртэ чино ирээд аварсан ч юм уу бүү мэд
Бааван бууван нэртэй бүүвэйн дууны домог
Балар эртний үед ингэж үүссэн гэдэг юм

Ts.batmunkh 2008

Sunday, November 9, 2008

Хоёр настай Ро
Хоёр настай Ро: Анхны ардын уран зохиолч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн

1 2 3 4 5 (0 үнэлгээтэй) ОРУУЛСАН: Ц.Батмөнх
2008 оны 11 сарын 09
Хоёр настай Ро
Анхны ардын уран зохиолч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайн 100 жилийн ойг тохиолдуулан “Миний эх орон” сэдэвт цуврал уралдааны Хоёрдугаар уралдааныг билэгт яруу найрагч О.Дашбалбар агсаны тэрлэсэн “Тэнгэрлэг эх орон минь“ нэрийн дор www.bayanmongol.com зохион явуулж байна.

Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуайн талаар цуврал мэдээллийн анхдугаарыг Монголын хамгийн жижиг номыг зохиосон С.Шагж гэвшийн энэ гайхамшигт бүтээлийг буурал эрдэмтэн маань олж хадгалан бидэнд хүртээсэн тухайд өгүүлсэн бол энэ удаа Монголын уран зохиолын алтан санд орсон, их эрдэмтний уран бутээлийнх нь сувдан хэлхээ болсон “Хоёр настай Ро” шүлгээр үргэлжлүүлж байна.

Хоёр настай хөөрхөн охиноо хараад Орост сурч байхдаа Ардын зураач Д.Амгалан гуай алдарт ЭЭЖЭЭ зургаа бүтээсэн шиг, Ц.Дамдинсурэн гуай Орост сурч байхдаа анд нөхрийнхөө 2 настай жаахан охиныг хараад сэтгэл баясан Хоёр настай Ро шүлгээ бичжээ.

(Жич: Цэнхэртсэн үгүүдээр тухайн хүний тухай линкийг холбосон тул илүү уншихийг хүсвэл тэр хэсэгт дарж орно уу.)

Д.Амгалан гуайн үе тэнгийн, энэ шүлгийн эзэн 2 настай Ро буюу 77 настай буурал эмгэн Уртнасангийн Батнасан сэрүүн тунх амьдарч байгаа. Баатар ван Наваан-Юндэн гуайн хамтаар 2 настай Ро-гийн аав Уртнасан, ээж Сурмаажав нар Герман Францад сураар одсон анхны 35 сурагчийн хос ажээ.

Хоёр настай Ро шүлгээ эрдэмтэн Ц.Дамдинсүрэн 1933 онд 25 хан насандаа бичжээ.
Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн... хэмээн шүлэг эхэлдэг. Эд бүгдээр түүхтэй намтартай сонин хүмүүс билээ. Ээж Сурмаажав нь монголын нийтийн номын сангийн үндэс суурийг тавилцсан нэгэн ажээ. Энэ тухайд дараагийн мэдээлэлдээ оруулан бичиж хүргэе.

Цэндийн Дамдинсүрэн. 1933 он.

Хоёр настай Ро

Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн

Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй

Үс нь нарийн бөгөөд хархан
Зөөлөн мяндасын ширхэгтэй
Зүс нь бор бөгөөд хөрслөг
Сайхан Монголын шинжтэй

Ариун тунгалаг ухаантай
Аз завшаан ихтэй
Алив хүсэл нь бүрдсэн
Амраг хөөрхөн дүү минь

Ангаахайн чинээ амандаа
Алим үмхээд бувалзана
Аягын чинээ гэдсээ
Амтат жимсээр дүүргэнэ

Толинд байгаа дүрстэйгээ
Тоглон инээн наадна
Тохойн чинээ биеэрээ
Бүжиг хийх гээд дэвхцэнэ

Аятай харагдсан бүгдийгээ
Ай е е гэж дуудна
Аав ээжээ харахдаа
Ааваа, маам аа гэж байна.

Балга хүрэхгүй шөлийг
Барж ядан ууна
Үмх хүрэхгүй махыг
Үлтэлж ядан иднэ

Үдээс үдэш болтол
Үүргэлж бүр ядарчихна
Үргэлж юм оролдсоор
Нойр нь бүр хүрчихнэ

Тэнд энд гишгэсээр
Тэнтэр тунтар явна
Тэвдэж яарч явсаар
Тээглэж бүдэрч ойчно

Бөгтөгнөж байгаад мөлхөнө
Бондгонож байгаад босно
Муу муу гээд заана
Хош хош гээд хараана

Боргоцой гараа сарвайгаад
Боов боов гэж бархирна
Өгөхгүй бол уйлж гарна
Уйлаад унжаад ирэхлээр

Нүүр нь улайн үрчийгээд
Нүд нь онийн гурвалжилаад
Нулимс нь ундран дуслаад
Нус нь бөнжигнөн гоожоод

Бий чадлаа шавхаад
Бияа бияа гэж бархираад
Аав ээжээ маажлаад
Аргадаж авахыг горьдоно

Эрээн мярааныг харуулбал
Ингэж уйлахаа больчихно
Ээж нь аваад аргадвал
Мээмээ хөхөөд тайвширна

Тохойн чинээ биетэй
Ханцуйн чинээ дээлтэй
Бээлийн чинээ малгайтай
Балчир нялх дүүгийн минь

Аавдаа алт болсон
Ээждээ сувд болсон
Энхрий булбарай бие нь
Эсэн мэндээр хүмүүжиг

Бага жаахан бие нь
Батжин сайнаар торниг
Бадамлянхуа цэцэг мэт
Бадран сайнаар дэлгэрэг

Ай хөөрхий Ро минь
Эрэгтэй хоёрын дээр
Эмэгтэй гурвын хамт
Тааруухан таван дүүтэй болоорой

Хуучин цагийн сүүлд
Хувьсгалт цагийн эхэнд
Харанхуй үеийн өнгөрөхөд
Гэгээн замын нээгдэхэд

Тохиолдож төрсөн зол байна
Олны үзэх гайхамшиг байна
Эрдмийг сурах завшаан байна
Энхжин жаргах заяа байна.

Арвидах шинийн сар шиг
Дэлгэрэх хаврын цэцэг шиг
Өдөр бүр өсөж байгаа
Цаг бүр чадалжиж яваа

Эрхэм янаг дүүдээ
Захих захиа, хэлэх үг
Заах сургаал, бэлэглэх ерөөл минь
Арав шахам наснаасаа

А, Б гээ холбосоор
Ахих шатаа дамжаарай
Арав тавыг нийлүүлсээр
Дөхөх замаа олоорой

Бэх цаас учруулсаар
Бичгийн эрдмийг сураарай
Эрдэм ажлыг хосолсоор
Эрхэм гавъяаг байгуулаарай

Хоёр хүрээгүй нялхдаа
Туурайт морины давшгүй
Тураг шувууны дэвшгүй
Түмний газар хүрчиж дээ

Гар нь ганзаганд хүрвэл
Гадаад далайг туулах байх
Хөл нь дөрөөнд хүрвэл
Хөрст дэлхийг тойрох байх

Ээ хөөрхөн Ро минь
Аэропланаар энд тэнд нисэж
Галт тэргээр газар бүр зугаацаж
Газар усны гайхамшгийг үзээрэй

Түүнээс Монголдоо буцаж
Төв журмаар явж
Түвшин голомтыг байгуулж
Түгээмэл ихээр жаргаж

Таван ханатай гэр барьж
Тал дүүрэн мал билчээж
Зуун адуу ууландаа хурааж
Мянган хонь гаднаа хотлуулж

Тогоо дүүрэн сүү хөөрүүлж
Торх дүүрэн өрөм хурааж
Суулга бүгддээ тараг бүрж
Сав бүгддээ аарц шүүж

Шинэ ааруул хүүдийгээр гаргаж
Шилдэг айраг хөнөгөөр сөгнөж
Шимийн архи аягаар бялхуулж
Шингэн зөөхий хувингаар уудалж

Аав ээждээ өргөн дэвшүүлж
Ах дүүдээ өгөн хүндэлж
Халуун зуураа найрлан цэнгэж
Харь олныг зочлон хуримлаж

Эцэг өвгөдийн сайшаалыг сонс
Эмгэд хөгшдийн ерөөлийг дуул
Ард олондоо их тус бол
Амар жаргалыг ихээр эдэл.

1933.

Дашрамд хэлэхэд Хараагийн баатар ван Насан-Очирийн Наваан-Юндэнгийн 100 жилийн ойг тохиолдуулан www.bayanmongol.com явуулсан Миний эх орон сэдэвт Эхийн хайр анхдугаар уралдааныг хөгжөөн алдарт жүжигчин Чимэд-Осор гуайн хүү Болд сэтгэл гарган баатар вангийн гэргийтэй уулзан наян настай буурлын магнайн үрчлээг нэгээр ч бол тэнийлгэсэнд баярлуулсанаа илэрхийлье.

Beltgesen Ts.Batmunkh daanjuur@gmail.comЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхижүүлэх хэрэгтэй.

http://www.mongolinternet.com/FamousMongolian.htm
www.bayanmongol.com
www.medeelel.com
http://soronzon.blogspot.com/2008/10/blog-post_26.html

Wednesday, November 5, 2008


















Uneeder uneeder bish
Uneeder, uchigder margaash baisan
Uneeder, margaash uchigder bolno
Uneeder, uneeder uneeder bilee

Uneeder uneeder mun
Uneeder, uchigder uneeder baisan
Uneeder, margaash uneeder heveer
Uneeder, uneeder uneeder bish