Tuesday, November 18, 2008

Хонгор үрээ орхиод холдсон Хатан эхийн домгоос

Эрт урьдын цагт элэнц хуланцын үед
Эсэргүү дайсан довтолсон эмгэнэлт бэрх цагт
Буган чулуун хөшөөт Хүн гүрний домогт
Баатар нэгэн эхийн гаслант түүхийг өгүүлдэг юм.

Төрөл удмаа аврахаар тэнгэрлэг нэгэн эх
Төрүүлсэн сайхан хүү, төрсөн хайртай дүүгээ
Түгшээх дайснаас харамлан арагтаа нуун үүрээд
Тэнхээ тамираа тасартал тэмцэж зугатаасан гэдэг юм

Ундгүй хоолгүй цангаж ухаан балартан гуйвж
Ээрэм талд төөрөөд эцэж ядран тамирдаж
Эрхгүй туйлдан унаж алхах тэнхэлгүй болохдоо
Эцсийн дусал сүүгээ энхэр үрдээ амлуулаад

Надад хүү олдоно, дүү минь олдохгүй гээд
Нялх жаахан үрээ эзгүй талд орхиод
Чарлан сарвайх үрийнхээ сэвлэг үснээс үнэрлээд
Чулуун тоглоом өрөөд орхиод явсан гэдэг юм

Эрэвгэр жаахан үр нь учраа мэдэхгүй инээж
Ээжээ ээжээ дуудан даллаад үлдэх мөчид
Элээ шувуу дэргэд нь эргэлдэж байсан гэдэг юм
Энгэр талын цэцэгс уйлж байсан гэдэг юм

Элгэн голоо тасартал эгших нулимсаа дуустал
Эхийн цагаан сэтгэл нь эмтрэн уйлах агшинд
Эхийн цагаан сүү нь харлаад дуссан газарт
Эрдэнийн цагаан цэцэг цайраад ургасан гэдэг юм

Хүрэн зүрхээ хагартал уйлан гаслан явсан
Хатан сэтгэлт эхийн хагацлын нулимс нуурлаж
Халуун цөлийг дэвттэл хайлан урссан гэдэг юм
Хүйн амин холбоо нь тэгж, хэзээ ч дуусаагүй гэдэг юм

Хонгор үрээ орхиод амьдын тамыг гэтлэхэд
Хурмаст тэнгэр уйлаад элчээн илгээсэн ч юм уу бүү мэд
Хөөрхий дүүгээ авраад удмаа үлдээсэн гэдэг юм
Хөх монголын удам тэгж, хэзээ ч тасраагүй гэдэг юм

Голоос хайртай үрээ орхиод явахад уясаад
Гоо марал ирээд тусалсан ч юм уу бүү мэд
Эх хүний сэтгэлийг дээдийн дээд гэдэг юм
Эхээн дээдлэх сэтгэл ингэж үүссэн гэдэг юм

Балчир жаахан үрээ орхиод явахад уяраад
Бөртэ чино ирээд аварсан ч юм уу бүү мэд
Бааван бууван нэртэй бүүвэйн дууны домог
Балар эртний үед ингэж үүссэн гэдэг юм

Ts.batmunkh 2008

2 comments:

Anonymous said...

yo iim bval yamar aimar ve?yostoi orovdoltoi yuma.uilmar yuma.

Daanjuur Ruujnaad said...

Ene tuuh bolson tuuh yum shuu dee. Aman domog hedii ch minii Mongolyn tuuh,
Eh hun ingej eh ornoo avardag genem