Sunday, March 1, 2009


1 дэх өдөр, 02-03-2009 00:01
www.bayanmongol.com
Миний эх орон сэдэвт Баян Монгол нутгаа хайрлая 4-р уралдаанд зориулав.

Эрхэм Монголчууд та бүхнээ Оюу толгой юу, Оюут толгой юу хэлэлцүүлэгт урьж байна.

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа (1803-1856)-
“Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай гоё уул” хэмээн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших нүүрсний асар их орд Таван толгойн ойр, Ханбогд суманд орших алт, зэсийн асар их нөөцтэй орд Оюу толгой, Галбын уулсын ноён оргил Ханбогдын хормойд эрчим хүчний төв хэмээгдэж буй Дэмчигийн хийдийг 180 жилийн өмнө 1832 оны шар хулгана жил Догшин хутагт байгуулахдаа ийнхүү магтан дуулж бичин үлдээжээ.
Монголын алтан Говь маань Монголын ард түмэн биднийг эх хүний ариун хэвлий адил нандин нууцлаг бүхнээрээ тэжээн тэтгэж, үеийн үес хатамжилан хамгаалж иржээ.

Алтан говийн гурван их тусыг санавал.

Нэгд,
Монголын Алтан Говь, улс үндэстэн айх аюулгүй суух, хэн ч халдашгүй дархан хамгаалалтын бүслүүр Хэрэм болж, Алтай Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы уулсын хөндийд, энэ монгол туургатан хэдэн мянган жилээр оршин ирсний нууцыг хэлхсэн Байгаль эхийн хэвлийн тусаар монголчууд туурга тусгаар амгалан тайван оршиж иржээ.

Хоёрт, орчин цагийн дэлхий хөлөө олохоор дэлхийн орнууд үймж байсан 1900-аад онд, түүхийн тоосонд арчигдаад өнгөрсөн гэгдэх бүдүүлэг цолтой нүүдэлчин угсаат ард түмний тухай Байсан ч юм, Байгаа ч юм, Байх ч юм хэмээн дэлхийн сонорыг дэлдээсэн нэгэн мэдээ гэвэл хүн төрөлхтний нууцыг онголсон Монголын Алтан говь байлаа.
Аварга үлэг гүрвэл Өндөгтэй байжээ гэх шинжлэх ухааны их нээлт Монгол улсын нэр хүндийг дэлхийд зарлаж, дэлхийн ард түмэн, улс орны анхаарал, гайхширал Монголд төвлөрсөн тэр 1925 онд Монгол улс гэж байдаг юм аа гэдгийг батлаж өгсөн Алтан говийн ачаар, туурга тусгаар Монголын хувь заяаг хэн ч булааж чадаагүй билээ.
Бас хүү тэр цагт Монголын Нууц товчоон олдож ийм бахархам түүхтэй ийм жижиг үндэстэн байсан юм байна, байгаа бол уу гэх дэлхийн улсын эргэлзээнд цэг хатган торойсон Алтан говь минь. Ариун дагшин алтан Говийн хэвлийд бүрэлдсэн Монгол улсын мянга мянган баатарлаг түмний тэмцлээр тэжээгдсэн Монгол орон байгаа ч юм хэмээх яруу найрагчийн бахархал, өнөөдөр биднээс Байлгах ч болоорой, Байлгах байлгахдаа Байсан шиг нь байлгаарай хэмээн зүрхэнд омогшин асууж байна.

Гуравт, Алтан говийн хэвлий, энэ Монгол түмнээ ядраад ирэхийн цагт ахин нэгэн нууцаа дэлгэсэн нь Оюу толгой буюу. Алтан Говь хэрвээ хүний хэлээр ярьдагсан бол, гуяны махаа огтолоод өлссөн үрсээ тэжээх үхтэлээ үр харам Эх хүний хатан сэтгэл, үнэн ариун хайрын хэлээр л ярих байхдаа.

Эхийн сэтгэлтэй эх орныхоо энэ их хайрыг монголчууд бид яаж хүртэхсэн билээ. Оюу толгойн ордоо Оюунтай төрсөн Өүлэн эхийн сургаалийг санан Оюун ухаанаа дээдлэн хүртэхсэн. Эс бөгөөс, хавиргаа хазах хар нохой мэт, хаданд довтлох харцага шонхор мэт ханиа барагсад ижлээ идэгсэд болох буюу. Оюун сэтгэл үгүй араатан лугаа адил хэмлэлдэн булаалдаад, харин сэг үлдсэн хойно таран одох хүн дүрст араатан битгий болоосой гэж Алтан говийн хэвлий дуншин өвдөх билээ.
Бурханы өгсөн алт таарахад нүдгүй хүн ямар байдаг бол хэмээн сэтгэж нүдээ анин алхаад өнгөрөх нэгэн ядуугийн үлгэр, нохойн толгой ширээн дээр тавихаар шороо руу өнхөрөх, илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрээстэй, ус хийсэн ч сэгсэрээстэй хэмээх сургааль үгийг санан монголчууд бид мэлмийн нүдээ нээх, оюун сэтгэлгээгээ цэлмүүлэх цаг нь иржээ.

Оюун хэзээ цэлмэнэ, тэр цагт бид Оюу толгой тусаа өгнө.
Оюу толгой л ганцхан аврал гэж ярих сэтгэрэхийн оронд Оюут толгойдоо найдюу.

Ядуу дорд Дулдуйтын хүү, Говийн их догшин хутагт Данзанравжаан оюун билгээс суралцан үйл нь ирээд үхэхийн цагт баян ядуугийн ялгаа юу байх вэ хэмээн сэтгэж эв нэгдэлээ эрхэмлэн дээдэлж, өнгө мөнгөнд шуналтах оюуны хэнээгээ гэсгээж, хүн чанараа эрхэмлэн улс орноо мандууляа.

Ирээдүйг залуурдах их хөлгийн эзэн
Оюун нь хиртээгүй Монголын залуус аа.
Баян Монгол орноо Оюун сэтгэлээрээ хөгжүүлье.
Баян Оюу толгойгоо Эвийн хүчээр ашиглая.

Бидний улс эв саналыг нэгтгэн, нийт нэгэн хүчнийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл, үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж, гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ-Дамдины Сүхбаатар (1893-1923)
Их жанжний хэлсэн үгнээс ишлэв.

No comments: