Monday, February 16, 2009

Дэндүү сайхан нөхөдтэйгээ
Дураараа ярих хичнээн сайхан
Дуулим хорвоог мартаад
Дуулж наргих хичнээн жаргал

Сэтгэлийн дотно нөхөдтэйгээ
Санаснаараа ярих хичнээн сайхан
Саруул орчлонг умартаад
Сууж жаргах хичнээн сайхан

Сэтгэлдээ нэгэн хориггүй
Санасан бүхнээ хуваалцаад
Бодолдоо хоёр сэтгэлгүй
Амарч тайвширах хичнээн баясал

Баясал баясал дундаас
Нөхдийн сэтгэл дэндүү сайхан
Бахархал бахархлын дундаас
Эх орноо дурдах дэндүү омогшил

Ээж аавийг минь орлосон
Эрхэм сайхан нөхөдгүйгээр
Энэлэн орчлонг туулахад
Эх оронгүйтэй адилхан даа

Аавын минь захиас
Ээжийн минь элбэрэл
Амин голын холбоос
Алтан сайхан нутаг минь

Эцсийн амьсгалаа хураахдаа
Эх орноороо дуусах
Эрэлхэг цоглог аавуудаараа
Эх орон цөөдөөгүй

Сүүлчийн амьсгалаа хумхихдаа
Сайхан үрээрээ залбирах
Саруул ухаантай ээжүүдээрээ
Эх орон дундараагүй

Эх орон ээж аав
Эрхэм гурван эрдэнээрээ
Эх орон Монгол
Эгнэгт дутна гэж үгүй дээ


Анд нөхөд та нар минь
Амьдралын нэгэн гэрэл гэгээ
Анд нөхдөө харах хичнээн сайхан
Алдаа оноогоо ойлгох хичнээн ухаарал

Аав ээжээрээ дутахдаа би
Анд нөхдөөрөө дутна
Алтан нутгаа санахдаа
Та нарыгаа хүснэ..

Найз нөхөддөө
2009 он 2 сар 10

No comments: