Thursday, January 8, 2009

Хөөвгөр жаахан үр минь ээ

Харахаар хайр хүрмээр хамаг бүхэн нь ариухан
Бодохоор мишээл төрмөөр бээвэг төрх нь хөөрхөн
Сонсохоор сэтгэл уярмаар шулганаа дуу нь содхон
Санахаар бодол догдолмоор тунгалаг нүд нь тодхон

Хамаг бүхэн нь хайр хүрмээр
Хөөвгөр жаахан үр минь ээ

Үнэрлэмээр дэндүү ариухан сөөвгөр зөөлөн сэвлэгтэй
Тэвэрмээр дэндүү хөөрхөн тэнтгэр жаахан биетэй
Баримаар дэндүү энхэрхэн булбарай жаахан гартай
Өхөөрдмөөр дэндүү хөөрхөн өмгөр жаахан амтай

Хамаг бүхэн нь хайр шингэсэн
Хумбарай жаахан үр минь ээ

Ухаарч нэг уужирмаар ариухан бүхнийг агуулсан
Уужирч нэг тайвширмаар сайхан бүхнийг сануулсан
Уярч нэг дуулмаар тэнгэрлэг бүхнийг тэвэрсэн
Умгар жаахан үр минь дээ

Бүүвэй бүүвэй бүүвэй

Үглээ жаахан болжмор шиг ээ
Шулганаа жаахан үр минь ээ
Бүүвэй бүүвэй бүүвэй

Эрх жаахан ишиг шиг ээ
Эрэвгэр жаахан үр минь ээ
Бүүвэй бүүвэй бүүвэй

Тэнцээ жаахан унага шиг ээ
Тэнтгэр жаахан үр минь ээ
Бүүвэй бүүвэй бүүвэй

Бяцхан жаахан хурга шиг ээ
Бээвэг жаахан үр минь ээ
Бүүвэй бүүвэй бүүвэй

1 comment:

БЭ said...

хөөрхөн шүлэгнүүд байна шүү, таны бичсэн шүлэгнүүд их таалагддаг шүү.