Thursday, January 8, 2009

Үерхээд дассан Нөхөд


Үүлэн хөх тэнгэртээ
Үүлс
Үзэгдээд л замхарахын адил

Үерхээд дассан
Нөхөд
Салан одохын цагт
ҮЙмрэн хоцрох сэтгэлдээ
Үгүйлээд л хоцрох юм даа

Салхин хөх тэнгэртээ
Саран
Саатаад л шингэхийн адил

Сэтгэлээрээ ижилдсэн Нөхөд
Салан одохын цагт
Санан гуниглах зүрхэндээ
Самуураад л үлдэх юм даа

Сэтгэл ядрах л хэцүү

Бие өвдөх яахав ээ
Сэтгэл өвдөх л хэцүү
Бэдэрч тэмүүлсэн юмнаас
Бэтгэрч үлдэх хэцүү

Бие ядрах яахав ээ
Сэтгэл ядрах л хэцүү
Бие бие хүндлэхгүй
Бодол ялзрах хэцүү

Сэтгэл эрүүл байхад
Бие эрүүл сайхан
Бие эрүүл байсан ч
Сэтгэл өвдөх хэцүү

Бие өвчтэй байсан ч
Сэтгэл эрүүл сайхан
Бий муухай бүхнийг
Сэтгэлийн эрүүл ялна

Амьдрал ядруу байсан ч
Сэтгэл баян сайхан
Амьдрал баян хэдий ч
Сэтгэл ядрах муухай

Баяжихын дон тусаагүй
Миний ард түмний
Бахархам сайхан сэтгэл нь
Үргэлж баян байдаг

Ижий сэтгэлээр баян
Буурай ч гэсэн ардынхаа
Хүү нь болж төрсөндөө
Ханашгүй сайхан жаргалтай.

Сэтгэл гэдэг хэцүү юм даа

Сэтгэл гэдэг хэцүү л юм даа
Дасахдаа ч амархан
Мартахдаа ч амархан

Хоолой давах ганцхан үгэнд
Хуурай нүднээ нулимс хурна
Амнаас давах хэдхэн үгэнд
Анисга нүднээ нулимс тунарна

Үгээ залгилж сэтгэлээ нуувч
Үнэн сэтгэлийн нулимс зангирна
Үггүй харцаар хичнээн ширтэвч
Үгүйлэх зүрхний учиг тасарна

Өөрөө өөртэйгээ тэрсэлдэн байж
Өөрөөсөө өөрийгөө хууран нуувч
Сэтгэл гэдэг хэцүү юм даа
УЙмрахдаа ч амархан уйлахдаа ч хэцүү

Хүний эгэлхэн орчлонд амьдаараа бүү үх

Хүслэн хяслан хоёрынхоо
Боол болон мөлхөж
Хүний эгэлхэн орчлонд
Амьдаараа бүү үх

Унах нэгэн тал байхад
Сэргэх нэгэн цэг бий
УЙлах нэгэн зовлон байхад
Дуулах нэгэн баясал бий

Цаг нь ирэхээрээ
Салхи шуургалан хөдөлж
Цавчим өндөр уулсын
Ноён оргилд хүрнэ.

Цаг нь ирэхээрээ
Сэтгэл зэрэглэн хөдөлж
Сарвайж зорьсон мөрөөдлийн
Сайхан зүүд биелнэ

Учир иймээс хүн та
Уурлаж санааширч няцалгүй

Хүслэн хяслан хоёрынхоо
Боол болон мөлхөж
Хүний эгэлхэн орчлонд
Амьдаараа бүү үх

Laramie, WY 2009. 01. 08

No comments: